Монгол хэлний их тайлбар толь
[gool]
гол i
Тайлбар
- ихээхэн урсгал ус.
гол мөрөн; гол горхи хорш.; Хэрлэн Онон Туулын тунгалаг сайхан голууд; гол гарах (гол гэтлэх).
гол захлах (голын захаас хөлдөж эхлэх).
гол хадаалах (голын усны гадаргыг мөс бүрхэж, хүн малын явахад цөмрөхгүй даацтай болох, гол хадаалах хугацааг мэдсэнээр тээврийн онгоц явах хугацааг зөв тодорхойлоход ач холбогдолтой байдаг).
гол унах (хаврын цагт цөн гүйж дуусаад голын ус бүрэн цэлмэх).
голын түвшин (голын эргийн тухайн цэгт олон жил ажиглалт хийж дундаж түвшнээс дээш гарсан усны гадарга).
голын цөн (хаврын цагт хадаалсан мөс эвдэрч хэсэгрэсэн мөс).
цөн гүйх (цөн мөс усаар урсах).
голын хурдас (голын урсгалын хүчинд түрэгдэн гарсан элс, шавар чулуулаг зэрэг юмс).
голын цайр (дөнгөж өрөмтөх төдий хөлдсөн мөс зайрмаг).
голын татам (голын усны халих, татах хэм буюу орших байр газар).
голын эх (гол үүсгэлийн газар буюу урсгалын дээд этгээд).
голын адаг (голын төгсгөлийн газар ба урсгалын доод этгээд).
голын эрэг (голын хажуугийн газрын ирмэг).
голын хөвөө (голын захын орчин газар).
голын тохой (мөрөн голын муруйн урссан булан газар).
голын тэртээ (голын цаад тал).
голын энтээ (голын наад тал буюу наана).
голын цаад (голын тэртээ тал буюу цаана).
голын наад (голын энтэй тал).
нэг голынх (а. нэг гол горхиноос ууж айл зэргэлдээ нутагладаг хүмүүс; б. нэг нутгийнх; энэ бид хоёр чинь нэг голын хүмүүс байгаа юм).
зарим нутагт үер борооны ус урсах ихээхэн сайр, намаг булагтай газрыг гол гэнэ.
хуучин гол урсаж байсан ором газар; голын шар ургамал (голын зах, чийгтэй газраар ургадаг олон наст ургамал; багваахай цэцгийн адил том шар цэцэгтэй); голын хиаг ургамал (голын хөндий, намаг мэтийн газраар ургадаг олон наст үндсэрхэг ургамал).