Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч. Төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Өргөн Ширэг гэдэг газар малчин ард Жамбын гэр бүлд төржээ. Бага насаа өвөг эцгийн гэрт өнгөрөөж 1937 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикад ажилчин, 1939 онд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан улмаар офицерын сургууль төгсч, тэндээ курсын даргын алба хааж байгаад 1943 онд Намын боловсон хүчний дээд сургууль, Монгол Улсын Их сургууль, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг тус тус төгсчээ.
Ж.Пүрэв нь МУИС-ийн түүхийн багш, намын хорооны дарга, Улаанбаатар хотын намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, ХААЯамны орлогч сайд, Сангийн аж ахуйг удирдах ерөнхий газрын дарга, Хэвлэл, утга зохиол хянах ерөнхий газрын дарга, Соёлын яамны дэргэдэх Намын хорооны дарга, МАХН-ын Түүхийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг ажил хийж байгаад 1982 онд тусгай тэтгэвэрт гарчээ.
Ж.Пүрэв нь 1950 оноос уран зохиолын ажил туурвин, "Зүрхний хилэн", “Манан будан”, “Аянга”, "Хөгжмийн эгшиг" зэрэг 30 роман, 22 тууж, 200 өгүүлэл, 40 найруулал, тэмдэглэл зэрэг богино хэлбэрийн зохиол, "Түлхүүрийн нууц" жүжиг, "Хан бүргэд" дуурийн цомнол, "Их хааны удам", "Эртний нутгийн солонго" кинозохиол бичсэн байна.