“Дундговь аймгийн толь” хэмээх энэ номын хоёр дахь хэвлэлийг уншигч танаа өргөн барьж байгаадаа баяртай байна. Удахгүй аймаг байгуулагдсаны 70 жилийн түүхт ой тохиох гэж байгаа өнөө үед аймгийнхаа үүсэл хөгжил, түүхэн хүмүүс, түүхт үйл явдлыг “баринтаглан” үлдээх нь аймаг, орон нутгаа сурталчлах, үр хойчдоо Монгол эх орныхоо нэгэн хэсэг болсон аймгийнхаа газар нутаг, байгалийн баялаг, гоо сайхан, түүх, зан заншил, хөгжил дэвшил, ахмад үеийнхнийхээ хөдөлмөрч уламжлал, авьяас билгээр бахархаж, нутаг орноо гэсэн чин сэтгэлээр хүмүүжихэд нь тодорхой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.